Нягтлан бодох бүртгэл гэж юу болох, түүний
зорилго зарчмууд, мэдээлэл хэрэглэгчид болон санхүү, удирдлага, зардлын
бүртгэлүүдийн онцлог, ерөнхий ойлголтын тухай
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТУУД БА ЗАРЧИМ
Нягтлан бодох бүртгэл нь аж ахуй нэгжид гарч байгаа
аливаа эдийн засгийн үйл явцыг шинжлэх, ангилах, хэмжих, бүртгэх, тайлагнах үйл
ажиллагааг эрхэлж бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг боловсруулдаг. Энэ
нь гүйцэтгэх удирдлагын болон компаний үйл ажилагааны алдаа оноог шүүн тунгаах,
удирдлагын шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого тодорхойлох
зэрэгт ашигладаг. Мөн бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч зээлдүүлэгч, хөрөнгө
оруулагч зэрэг хамтын ажиллагаатай байгууллагуудын эдийн засгийн шийдвэр гаргах
үндэслэл болно.
Иймээс Нягтлан Бодох Бүртгэл гэдэг нь эдийн
засгийн үйл ажиллагааны үр дүнг тооцон хэмжих, боловсруулах, мэдээлэх систем
юм.
Нягтлан бодогч нь мэргэжлийн өндөр мэдлэг,
чадварыг эзэмшиж, ёс зүй хууль тогтоомжийг чандлан сахин, хараат бусаар
мэргэжлийн шийдлийг гаргах бөгөөд аж ахуй нэгжид гарсан эдийн засгийн үйл явцыг
хэмжин бүртгэж зохимжтой байдлаар ангилан боловсруулалт хийн санхүүгийн тайлан
бэлтгэх замаар мэдээлэл хэрэглэгчдийг хөрөнгө, үйл ажиллагааны үр дүн,
санхүүгийн байдлын өөрчлөлтийн талаарх мэдээллээр хангадаг.
Нягтлан бодох бүртгэлийн зорилго нь нийт мэдээлэл
хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад шаардлагатай санхүүгийн мэдээллээр
хангахад чиглэнэ.
ААН-ийн санхүүгийн мэдээллийг ашиглаж байгаа олон янзын
хэрэгцээ, шаардлага, зорилго бүхий нийт мэдээлэл хэрэглэгчдийг гадаад болон
дотоод гэж ангилна.
Гадаад мэдээлэл хэрэглэгчид нь компаний үйл ажиллагаанд шууд
оролцдоггүй, санхүүгийн хувьд шууд болон шууд бус харилцаатай этгээдүүд байдаг.
Жишээ нь зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигчид зэрэг нь санхүүгийн хувьд шууд
харилцаатай байдаг.
Гадаад мэдээлэл хэрэглэгчид өөр өөрийн ашиг сонирхолд
нийцсэн мэдээллийн хээргцээтэй байх өгөөд НББ нь аж ахуйн үйл ажиллагааны
талаар хязгаарлагдмал шинжтэй мэдээллээр хангадаг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн үеийн
буюу санхүүгийн бүртгэлээр гарсан
мэдээллээр хангадаг.
Санхүүгийн бүртгэл нь батлагдсан стандартын
дагуу бодит баримтанд тулгуурлан ААН-н санхүүгийн мэдээллийг нийт мэдээлэл
хэрэглэгчдэд түгээдэг бүртгэлийн систем юм.
Дотоод мэдээлэл хэрэглэгчид нь компаний санхүүгийн болон
өдөр тутмын үйл ажиллагаанд шууд оролцдог, компаний үйл ажиллагааг үр ашигтай
явуулах зорилгоор бүртгэлийн мэдээллийг ашигладаг. Дотоод мэдээлэл хэрэглэгчид
нь санхүүгийн бүртгэлийн мэдээллийг ашиглахаас гадна өнгөрсөн, одоо, ирээдүй
үеийн бүх мэдээллийн эх үүсвэрийг буюу удирдлагын
бүртгэлийн мэдээллийг ашиглах нь үйл ажиллагаагаа хэвийн тогтвортой явуулж
үр ашигтай ажиллах боломжийг олж авна.
Удирдлагын бүртгэл нь шаардлагатай мэдээллийн бүх
эх үүсвэрийг ашиглан судалгаа шинжилгээ хийж, түүндээ тулгуурлан цаашдын үйл
ажиллагааны төсөв, төлөвлөгөө зохиох, удирдлагын оновчтой шийдвэр гаргах зэрэгт
ашиглах дотоод мэдээллийн систем юм.
ААН нь санхүүгийн болон удирдлагын бүртгэлийг өөр хооронд
нь уялдуулан авч үздэг. Санхүүгийн бүртгэл мөнгөн хэмжүүрийг ашигладаг бол
удирдлагын бүртгэлд санхүүгийн болон санхүүгийн бус, мөнгөн болон биет
үзүүлэлтүүдийг ашигладаг.
Тайлан балансад бараа материалын өртгийг орлогын тайланд
борлуулалсан бүтээгдэхүүний өртгийг хэрхэн тодорхойлох асуудлыг санхүү
бүртгэлээр авч үздэг ч зардлыг хэрхэн хуримтлуулж бүртгэх, түүнд хяналт тавих
ажиллагааг бүрэн дүүрэн хамарч чаддаггүй. Ийм хязгаарлагдмал байдал нь өртөг
зардлын талаарх мэдээллийг ашиглан түүнд дүн шинжилгээ хийж удирдлагын шийдвэр
гаргах бололцоог ч олгодоггүй. Гэтэл зардлын мэдээлэл бол ААН байгууллагын үйл
ажиллагааны үр дүнг илэрхийлэх чухал мэдээллүүдийг агуулдаг учраас зардлын
бүртгэлийг илүү нарийвчлан судлаж дүн шинжилгээ хийх шаардлага гардаг.
Зардлын бүртгэл нь санхүүгийн болон удирдлагын
бүртгэлд хоёуланд нь ашиглагддаг, холбогч гүүр болдог НББ-н бие даасан төрөл
юм.
НЯГТЛАН
БОДОХ БҮРТГЭЛД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Ямар ч хэлбэрийн ААН-н нягтлан бодох бүртгэлийг хөтөлж
санхүүгийн тайлан бэлтгэхэд баримтлах үндсэн тулгуур байх шаардлагатай.
Мэдээлэл хэрэглэгчдэд хэрэгцээтэй, найдвартай, зэрэгцүүлэх боломжтой мэдээллийг
хүргэх үүднээс “Нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчм”-ыг
ашигладаг. (Generally Accepted
Accounting Principles – GAAP) Олон улсын практикт АНУ-н НББНХЗЗ (US GAAP), Олон улсын НББНХЗЗ (I
GAAP) гэсэн
2 хэлбэр байдаг боловч уг зарчмууд нь мэдээлэл хэрэглэгчдэд хэрэгцээтэй,
найдвартай, зэрэгцүүлэгдэх боломжтой мэдээлэл хүргэхэд л чиглэгддэг. Дараах
зарчмуудыг баримтладаг.
1. Бодитой байх (Objectivity principle): Аливаа хэмжүүр нь батлан
дэмжигдэх нотолгоотой байхыг бодитой байх гэж үзнэ. НББ-д хүчин төгөлдөр анхан
шатны баримттай ажил гүйлгээг бүртгэх ёстой.
2. Өртгийн зарчим (Cost principle): Өртөг нь анх хөрөнгийн олж авч
ашиглахад бэлэн болох хүртлэх үед төлсөн нийт дүн байна.
3. Тасралтгүй байх зарчим (Going-concern principle): ААН нь одоо болон ирээдүйд үйл
ажиллагаагаа зогсоох зорилгогүй бизнесээ тасралтгүй явуулна гэсэн төсөөллийн
үндсэн дээр бүртгэл хөтлөх ёстой.
4. Мөнгөөр илэрхийлэх зарчим (Monetary unit principle) : НББ-д мөнгөн нэгжээр
илэрхийлэгдэх ажил гүйлгээг тусгаж бүртгэдэг.
5. Орлого хүлээн зөвшөөрөлтийн
зарчим/Борлуулалтын зарчим/ (Revenue recognition principle): Мөнгөн төлбөр
хийгдсэн эсэхээс үл хамааран орлого хэрэгжих боломжтой болсон үед л орлогыг
бүртгэх ёстой.
6. Бие даасан байх зарчим (Business entity principle): ААН-ын данс, бүртгэл нь эзний
хувийн хэрэглээ болон бусад бизнесийн үйл ажиллагаанаас ангид байх хэрэгтэй.
7. Уялдаат зарчим (Matching principle): Орлого зарлага зохицох зарчим гэж
нэрлэдэг. Орлогыг бүртгэсэн цаг хугацаанд тухайн орлогыг олохтой холбогдон гарсан
зардлыг бүртгэх шаардлагатай.
8. Нэмэлт тодруулгын зарчим (Full disclosure principle) : Хэрэглэгчдэд мэдээллийг илүү
ойлгомжтой хүргэх үүднээс санхүүгийн тайлан бэлтгэхэд ашигласан суурь,
бүртгэлийн арга, тайланд тусгагдах зүйлс зэргийн дэлгэрэнгүй мэдээллийг нэмж
тодруулах хэрэгтэй.
9. Материаллаг байх зарчим (Materiality): НББ-д тусгагдах зүйлс нь материаллаг дүнтэй байх
хэрэгтэй. Материаллаг зүйлсийг тусад нь материаллаг бус зүйлсийг шинж чанар
үүргээр нь нэгтгэн тусгадаг. Мэдээлэл хэрэглэгчдийн шийдвэр гаргах хэрэгцээнд
мэдэгдэхүйц нөлөөтэй зүйлийг материаллаг гэнэ.
10. Тогтвортой байх зарчим (Consistency principle): ААН нэг үеэс нөгөө үед зэрэгцүүлэгдэх
боломжтой байх үүднээс бүртгэлийн арга, сууриа тогтвортой баримтлах хэрэгтэй.
11. Жинхэнэ хэрэгжилтийн зарчим (Realization principles) : Аливаа ажил гүйлгээг мөнгөн
төлбөр төлөгдсөн эсэхээс нь үл хамааран ажил гүйлгээ, үйл явдлыг гарсан тухай
бүрд нь бүртгэлд тусгах ёстой.
12. Нийцсэн байх: ААН байгууллагын
санхүүгийн тайлан нь НББОУС-д нийцсэн байх ёстой
13. Үнэн зөв байх зарчим: Санхүүгийн
тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэнэ.
14. Ойлгомжтой байх зарчим: Бүртгэл
тайлангийн үзүүлэлт энгийн, тодорхой, ойлгомжтой байх
15. Зэрэгцүүлэгдэхүйц байх зарчим:
Бүртгэл тайлангийн тоо, мэдээг аргачлалын хувьд өнгөрсөн, ирээдүйн тоо,
мэдээтэй зэрэгцүүлж болохоор байх.
16. Оновчтой байх зарчим: Удирдлагын
болон зардлын бүртгэлд өөрийн онцлогт тохирсон оновчтой сонголт хэрэглэх.
17. Тасралтгүй байх зарчим: ААН
байгууллага нь үйл ажиллагааныхаа тоон мэдээллийг тасралтгүй бүртгэх ёстой.
thanks :)
ReplyDelete